3.4 C
New York

С.Баярцогт: Би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх гэсэн юм биш шүү дээ

Published:

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр /2022.11.01/ нийслэлийн Прокурорын газрын үүдэнд Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ

Тэрбээр “Энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор, олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарийн холбооны улсад 2016 онд үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Швейцарийн холбооны улс эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч шалгасан юм билээ. Энэ оны зургадугаар сарын 13-нд нийслэлийг Прокурорын газраас надад албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил нэг материал дээр Швейцарийн холбооны улсаас авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус улс дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны наймдугаар сарын 24-нд ирүүлсэ

Би зүгээр хаагдсан хэргийнхээ материалд нэмж хүргүүлье гэж бодож байсан. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор нийслэлийн Ерөнхий прокурорын Тамгын газарт та бүхний өмнө гардуулж өгье. Энэ бол Швейцариас ирсэн албан ёсны герман хэл дээрх тогтоол. Дээрээс нь энэ тогтоолыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан

Анх 2016 онд хэрэг үүсэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талдаа ашигтайгаар хийсэн. Энэ үедээ авлига, мөнгө авсан байж магадгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар тавьсан. 2018 оноос эхлэн тодорхой хугацаанд цагдан хорьсон. Анхан шатны шүүхээр орсон. Мөн нийслэлийн давж заалдах шатны шүүхээр орсон. Улсын дээд шүүх болон дээд шүүхийн эрүүгийн нийт хурлаар орж, дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгагддаг хуулийн тогтолцоо байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Нэмэлт мөрдөн байцаалтад бүтэн жилийн турш хийж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил Швейцарьт 2016 онд энэ хэргийг үүсгэж, Монголын хоёр, гурван бизнесменүүдээс мэдүүлэг авч, надад үйлчилж байсан Швейцарийн холбооны улсын банк, Хонгконг, “Рио Тинто” компанитай холбогдсон учраас Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж, мөрдөн шалгасан юм билээ. Энэ маань зургаан жил болсон.

Монголын улстөрчид дунд ийм олон улсын хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Янз бүрийн шийдвэр гарахаар нөлөө орсон гэж үздэг. Швейцарь эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг улс. Ийм улсад хэргийг шалгаж, цагаатгасан явдалд туйлын баяртай байна. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй хууль засагладаг эрин үе ирснийг харуулж чадлаа. Би анхнаасаа хэвлэл мэдээлэлд нээлттэй байсан. Өөртэйгөө холбоотой бүх мэдээллийг өгдөг байсан. Зургаан жилийн хугацаанд сайн муу нэр зүүж явсан ч үнэн нь дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар тогтоогдлоо. Хувь хүний хувьд маш их хугацаа. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан.

Өмнө нь улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудал, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд маш их анхаардаг байсан.

Ийм үйл явдал болсны дараа “Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруул чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна” гэдгийг олж харсан. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал сэргэх болоогүй байна. Дэлхийн геополитикийн хувьд маш том өөрчлөлт орсон. Ийм үед бид эв нэгдэлтэй байж, хариуцлага, сахилга баттай байж, маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна.

Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюутолгойн гэрээг ахалж, гарын үсэг зурсантай холбогдуулж хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн 2009 оноос хойш сайн муугаар хэлэгдэж ирсэн. Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэ бол Оюутолгой гэдгийг хүн бүр мэднэ. Цаг хугацаа бүх юмны шалгуур. Одоо энэ төсөл хамгийн том төсөл болсон. Тийм учраас тухайн үед улс төрийн дайралт ирж, давж гарна гэдэгтэй итгэлтэй байсан. Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь заяаныхаа хувьд хэлмэгдэж ирсэн. Хувь хүн хэлмэгдэж болох ч Монголын хувьд заяа төөрч болохгүй. Би энэ үзэл бодлыг агуулж, хэрэгжүүлж явна. Би хэн нэгэн хүнийг буруутгаж, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл сонирхол байхгүй. Чин үнэнийг олж, нэгдэх ёстой. Монголын хувьд үүлэн чөлөөний нар шиг шинэ боломж гарч ирж байна.  Яг одоо монголчууд нэгдэж, эдийн засгаа сэргээж, сэргэн мандах боломж байна. Би ил тод нээлттэй, баримттай ажиллаж байснаа бардам хэлж чадна. Миний энэ асуудал бол Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр хувьцаа авсан асуудал. Ингэж буруутгагдаж байсан улстөрч нэг ч байхгүй. Би улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэв

Related articles

spot_img

Recent articles

spot_img