3.4 C
New York

Алсад айлын гэрэл харагдах хэрнээ дөхөх тусам алсраад байдаг “чөтгөрийн гэрэл”, нэг л замаараа тойрон эргэлдээд байдаг “чөтгөрийн тойрог”-ийн тухай монголчууд ам дамжин шуугих

Published:

Алсад айлын гэрэл харагдах хэрнээ дөхөх тусам алсраад байдаг “чөтгөрийн гэрэл”, нэг л замаараа тойрон эргэлдээд байдаг “чөтгөрийн тойрог”-ийн тухай монголчууд ам дамжин шуугих. Гэтэл Монголыг хөгжилд хүргэх мега төсөл, бүтээн байгуулалт, хөгжлийн зам яг л тэрхүү чөтгөрийн гэрэл мэт холдох ажээ. Будилуу бид ч дахин дахин тойрч мунгинасаар…

Төмөр замын нарийн, бүдүүн замын хэрүүл арван жилийн дараа дахин дэгдлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барихдаа нарийн царигтай төмөр зам барих талаар тусгаснаа мэдээлэв. Учир нь, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыгөргөн царигтай тавьсан юм. Энэхүү зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсээ төмөр замаар тээвэрлэх боломжтой боллоо гэж байсан ч хил дээр нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг барих шаардлагатай болсон агаад уг байгууламжийг барихад дахиад 300-400 сая ам.доллар хэрэгтэй болов. Хэзээ хөрөнгийг нь олж, гаргаад, хэзээ барьж дуусаад, хэзээ нүүрсээ энэхүү төмөр замаар гаргахыг чөтгөр бүү мэд.

Энэхүү төмөр замыг анх “Энержи ресурс” өөрийн хөрөнгөөр барих гэж байсныг болиулсан. Дараа нь овоолсон шороо үлдээсэн. 2014 онд уг УИХ-ын тогтоол гаргасан бөгөөд энэхүү тогтоолыг Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн унагаасан. Хачирхалтай нь УИХ өөрийнхөө баталсан тогтоолыг хамгаалаагүй. Сайтар анзаарвал энэ үйл явц долоохон хоногийн дотор болоод өнгөрсөн байдаг.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

/2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр/

 1.Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

Гэтэл одоо дахиад өргөн, нарийн царигийн асуудал эхлэх нь.  Тохуурхалтай нь, УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд хандсан иргэн нь Н.Удаанжаргал. Тухайн үед “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Н.Удаанжаргал хийж байсан. Цэцийн шийдвэр гарахаас өмнө энэхүү замыг өргөн царигаар барьж эхэлсэн бөгөөд түүнийгээ хууль ёсны болгохын тулд л Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэсэн үг. Яг л эхлээд барилгаа бариад дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг шиг. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн замыг эхлэхэд УИХ-ын 64 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байсан. Тэрхүү тогтоолоор нарийн царигаар барих ёстой байтал өргөн царигийн бетон дэрийг Хятдад үйлдвэрлүүлсэн байдаг. Үүнийх нь төлөө Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм. Гэтэл энэ зам ямар өртгөөр баригдсан нь одоо хэр нь нууц.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Энэрэлт “Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замтай ижил стандартын нэг км төмөр замын олон улсын жишиг өртөг судалгаагаар 3.5-4.0 сая ам.доллар байдаг юм билээ. Харин бид 1.1 сая ам.доллараар барьж чадлаа” гэж ярилцлагадаа онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, говьд 1 км төмөр зам барих бодит үнэ 1 сая 68 мянган ам.доллар юм байна. Гэтэл Х.Нямбаатар сайдын хэлснээр, төртэй хийсэн offtake/ирээдүйд бүтээгдэхүүнээ худалдан авахаар тохиролцдог/ гэрээ нэг өөр, цаашаа хийсэн гэрээ бас өөр дүнтэй байгаа гээд буй. Тэрхүү гэрээгээр нүүрс авахаар болсон гэх бөгөөд зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнээр авахаар тохиролцсон гэх. Энэ гэрээг нууцаас гаргаж байж л бид бодит үнэнийг мэдэх бололтой. Түүнээс наана хий хоосон хардахаас хэтрэхгүй.

Албан бус, ам дамжсан мэдээллээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 1 км-ийн өртөг 3,5-3,8 сая ам:доллар гэсэн дүн дурдагдаад буй. Гэхдээ баталгаатай биш. Хэрэв энэ гүтгэлэг бол гэрээг нууцаас гаргаж гэмээнэ няцаана гэсэн үг.

Ерөнхий сайдын хэлээд байдаг 80 их наяд төгрөгийн хохирол учруулсан гээд буйн цаана энэ мэт гэрээнүүд бий бололтой. Бололтой гэдэг өнөөдөр тодорхой баримт алга.  Тиймээс тохиролцоод өнгөрвөл тэр тоо тэгээд л өнгөрнө гэсэн үг.

Монголын улстөрчид мега төсөл, хөтөлбөрүүд ярих тоолондоо ямар нэгэн байдлаар өөрт унах ашгийн тухай бодож ирсэн бодит үнэн бөгөөд мөн түүгээр далимдуулан өрсөлдөгчөө зохиомол хэрэг тохож ирсэн нь нууц биш. Бидний хөгжлийн тулгуур болсон энэ мэт төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил энгийн иргэдэд энэ мэтээр чөтгөрийн гэрэл шиг алсаас бүдэг бадаг харагдана. Өнөөдөр эрчим хүчний тав дахь эх үүсвэр, боловсруулах үйлдвэрүүд хэдэн жил яригдаж, бид түүнээс болоод зам дээр тэг зогсолт, өвөл хотоороо хөлдөж, гэрэлгүй болох бодит эрсдэлд орсон салбарынхан онцолж байна. Хот, суурингийн гэрэл харагдлаа гээд хөгжөөд л байдаг. Давхиад байх тусам л хөгжлийн  гэж бодсон чөтгөрийн гэрэл холдоод байх шиг…

Related articles

spot_img

Recent articles

spot_img