Монголчууд эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай оронд амьдардаг онцлогтой ард түмэн. Харин өвлийн улиралд биднийг, тэр дундаа хүүхдүүдийн минь дархлааг унагааж, өвчлүүлдэг хамгийн эрсдэлтэй өвчин бол ханиад томуу юм. Ялангуяа энэ жилийн хувьд бусад амьсгалын замын өвчлөл өндөр байгааг мэргэжлийн эмч, сувилагч нар онцолж байна. Сонгинохайрхан дүүргийн XVIII дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд гэхэд өнгөрсөн жилийнхээс 21.3 хувиар илүү олон хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ бичүүлсэн гэж байв. Мөн энэ жилийн ханиадны хувьд вирусын гаралтай гэж тодорхойлсон учир өрхийн эмч нар ихэвчлэн вирусын гаралтай үрэвсэл дарах эм бичиж өгч байна.
Гэвч тухайн эмэндээ ханиад дарагдахгүй, улам халуурч, өвчлөл нь хүндэрч байгаа нь эцэг эхчүүдийг эмийн чанарт эргэлзэхэд хүргээд байна. Үнэхээр бид эмчийн бичиж өгсөн эмэнд итгээд хүүхэддээ уулгаж байгаа. Гэвч бидний хүүхдийн ходоод руу чанарын баталгаагүй, үйлчилгээгүй хор ороод байгаа бол яах вэ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа бодит байдал ямар байгаа тухай эцэг эхчүүдийн байр суурийг хүргэхээр бэлтгэлээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батсүрэн: НЭГ ХҮҮХДЭД 70-120 МЯНГААР ЭМ АВЧ БАЙНА

-Би долоо, 16 настай хоёр хүүхэдтэй. Сүүлийн гурван сар хүүхдүүд минь ханиаднаас салсангүй. Ялангуяа бага хүү минь ханиад нь хүндэрч байнга халуурч байна. Эхлээд өрхийн эмнэлэгт үзүүлэхэд MixaFlu, витамин С, харшилын эм бичиж өгсөн. Зааврын дагуу тав хоног хэрэглэсэн боловч үрэвсэл нь дарагдаагүй. Ингээд дахиад эмнэлэгт хандтал Филамоксин гээд 250-тай антибиотик бичиж өгсөн. Гэвч энэ эм нь тасарчихсан гээд олдоогүй. Тиймээс хүүхдийн амокслиноор орлуулж авсан. Гэвч ханиад нь одоог хүртэл намдахгүй байна. Сүүлдээ эмийн чанарт эргэлзэхэд хүрч байна. Уг нь эмчийн жорын дагуу 10 гаруй хоног эм уулгаж байхад ханиад эдгэрэх ёстой шүү дээ. Гэвч хоолой нь сөөнгөтөж, нус нь гоожиж, цэртэй ханилгасан хэвээр байна. Үүнээс шалтгаалаад үнэхээр манай эмийн сангуудад зарагдаж байгаа эм үйлчилгээ үзүүлдэг юм болов уу гэсэн бодол төрж эхэлсэн. Аргаа барсан, сүүлийн найдвар гэж бодсон ээжүүд л хүүхэддээ антибиотик өгнө биз дээ. Олдохгүй байхаас гадна эмийн үнэ дэндүү өссөн байна. Нэг хүүхдэд эм авахад дунджаар 70-120 мянган төгрөг зарцуулж байна.
Баянзүрх дүүргийн иргэн Д.Энхтуяа: ЭМИЙН ЧАНАРЫГ ШАЛГАДАГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭР ОЛОН БАЙДАГ БОЛ

-Би бага насны гурван хүүхэдтэй. Өвлийн улиралд санаа зовоодог хамгийн том асуудал бол ханиад. Хамгийн хэцүү нь хүүхдүүддээ эмийг нь зааврын дагуу өгөөд ч ханиад нь эдгэрэхгүй байна. Эмч нар энэ ханиадад ихэвчлэн антибиотик бичиж өгдөг. Мөн Монголын эмийн үйлдвэрийн эмүүдийг ч бичиж өгсөн. Гэвч үр дүнгээ өгөхгүй байгаад санаа зовж байна. Тиймээс ууж байгаа эмийг нь сольж үзье гэж бодоод Солонгост байдаг дүүдээ эм захиж авчруулсан.